|
|
|
"Амжилт бол аз биш. Амжилт бол сонголт юм." - Stephen Curry |
|
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ |
|
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 48,527.35 нэгжид хүрч, 1.32 хувийн бууралттай хаагдлаа.
- Монгол улсын эдийн засаг 2024 оны эхний хагас жилд 5.6 хувиар өслөө. Монгол улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.4 сая нь ажиллах хүч , 868.5 мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Ажиллах хүчний 1.3 сая нь ажиллагчид, 82.3 мянга нь ажилгүй хүн байна. Ажиллагчид өмнөх оны мөн үеэс 68.0 мянгаар, өмнөх улирлаас 14.5 мянгаар өсөж, ажилгүй хүн өмнөх оны мөн үеэс 6.1 (8.0%) мянгаар, өмнөх улирлаас 10.5(14.7%) мянгаар өссөн байна.
- Монгол улсын худалдааны салбарын борлуулалтын орлого 2024оны эхний хагас жилд 31.1их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.4(16.7%) их наяд төгрөгөөр өслөө. Худалдааны салбарын борлуулалтын орлогын 21.2 хувийг хүнсний бүтээгдэхүүн, 78.8 хувийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлж байна. Хүнсний бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа 2024оны эхний хагас жилд 6.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 988.3(17.7%) тэрбум төгрөгөөр, хүнсний бус бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа 24.5их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.5 (16.4%) их наяд төгрөгөөр тус тус өслөө.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын 7-р сарын инфляцын түвшин болон хувийн хэрэглээний зардлын индекс тус тус бууралттай гарсан нь инфляцын түвшин зорилтот түвшинд хүлээлтээс хурдан хүрэх боломжтой дохиог хөрөнгө оруулагчдад өглөө. Үүнээс үүдэж АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх голлох индексүүд өнгөрөгч 7 хоногт өндөр өсөлтийг үзүүллээ. Тодруулбал, S&P 500 индекс 3.93 хувь, DJIA индекс 2.94 хувь, технологийн NASDAQ Composite индекс 5.29 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа. Хувьцаануудаас хиймэл оюун ухааны чип үйлдвэрлэгч NVDIA компанийн хувьцааны ханш 18.93 хувь өссөн нь онцлох өсөлт боллоо.
- АНУ-ын 7-р сарын инфляцын түвшин 3.0 хувиас 2.9 хувь болж буурлаа. Хүнс болон эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон суурь инфляцын түвшин 3.3 хувиас 3.2 хувь болж буурлаа. Инфляцын түвшин сүүлийн 3 жилд анх удаа 3.0 хувиас доош орж буурлаа.
- АНУ-ын эдийн засгийн өсөлт үргэлжлэхийн зэрэгцээ инфляцын түвшин хүлээлтээс давж бууралттай байгаа тул бидний хувьд 9-р сард болох Мөнгөний бодлогын хурлаар Холбооны нөөцийн санг бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулна гэж таамаглаж байна. 8 сарын 22-24-ний өдрүүдэд болох "Fed Jackson Hole Symposium" зохиогдох ба түүн дээр Холбооны нөөцийн сангийн тэргүүний яриаг анхааралтай ажиглах нь мөн чухал байна. Тэрээр 8 сарын 23 буюу Баасан гарагт яриа өгөх хуваарьтай байгаа юм.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Европын хувьцаанууд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, FTSE 100 индекс 1.75 хувь, STOXX Europe 600 индекс 2.46 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа.
- Их Британийн 7-р сарын инфляцын түвшин 2.0 хувиас 2.2 хувь болж өслөө. Их Британийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 2-р улиралд улирлын өмнөх үзүүлэлтээс 0.6 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа. Их Британийн хөдөлмөрийн зах зээлийн 7-р сарын бонус цалинг оруулаагүй цалингийн үнэ жилийн өмнөх үеэс 5.4 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа. Бонус цалинг оруулсан өсөлт 4.5 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа.
- Евро бүсийн эдийн засаг 2024 оны 2-р улиралд улирлын өмнөх үеэс 0.3 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа. Герман улсын эдийн засаг 2024 оны 2-р улиралд (QoQ) агшилттай гарсан хэдий ч Франц, Итали, Испани улсуудын эдийн засаг өсөлттэй гарсан нь 2-р улиралд Евро бүсийн эдийн засаг өсөлттэй гарахад нөлөөлжээ.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өндөр өсөлтийг үзүүллээ. Иений ханш ам.долларын эсрэг эргэн суларсан нь хувьцааны зах зээлийн өсөлтөд голлон нөлөөллөө. Иений ханш сулрах нь Япон улсын экспортлогчдод ашигтай юм. Nikkei 225 индекс 8.67 хувь, TOPIX индекс 7.86 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа.
- Япон улсын төв банкны 7-р сарын Мөнгөний бодлогын шийдвэр бодлогын хүүг өсгөсний дараа тус улсын валютын худалдан авах чадвар болон хувьцааны зах зээлд хүчтэй савлагаа орсон билээ. Үүнийг төв банкны зүгээс харгалзан үзэж төв банкны Дэд ерөнхийлөгч зах зээл тогтворгүй, савлагаа өндөр байвал төв банкны зүгээс бодлогын хүүг өсгөхгүй гэж мэдэгдсэн. Тиймээс хөрөнгө оруулагчид төв банкны дараагийн Мөнгөний бодлогын шийдвэрт хэрхэн гарах дээр тодорхой хүлээлтийг дэвшүүлж чадахгүй байна. Бидний хувьд тус улсын төв банкийг 2024 онд дахин 1 удаа бодлогын хүүгээ өсгөх болов уу гэх таамаглалтай байна.
- Япон улсын эдийн засаг 2024 оны 2-р улиралд жилийн өмнөх үеэсээ 3.1 хувь тэлсэн үзүүлэлттэй гарлаа. Эдийн засгийн өсөлтөд хувийн хэрэглээний зардал болон бизнесийн хөрөнгө оруулалтын дүн өссөн нь гол нөлөөг үзүүлжээ.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашралын болзошгүй эрсдэлд хөрөнгө оруулагчид санаа зовнисон хэвээр байна. Гэсэн хэдий ч тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт бага хэмжээний өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.6 хувь, CSI 300 индекс 0.42 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа.
- БНХАУ-ын 7-р сарын аж үйлдвэрийн үйлдвэрлэл жилийн өмнөх үеэс 5.1 хувь, жижиглэнгийн борлуулалтын дүн 2.7 хувь тус тус өссөн үзүүлэлттэй гарлаа. Эдгээр эдийн засгийн үзүүлэлтүүд нь тус улсын эдийн засгийн идэвхжил буурах боломжтой гэх дохиог өглөө.
- БНХАУ-д шинэ орон сууцны үнэ 13 сар дараалж буурлаа. Тодруулбал, тус улсын 70 хотын шинэ орон сууцны борлуулалт 7-р сард сарын өмнөх үеэс 0.7 хувь буурсан үзүүлэлттэй гарлаа.
|
|
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ |
|
ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ
АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 3.8 хувьд хүрч буурлаа. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
Япон улсын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 0.88 хувьд хүрч өслөө. Япон улсын төв банкны 7-р сарын Мөнгөний бодлогын шийдвэр бодлогын хүүг өсгөсний дараа тус улсын валютын худалдан авах чадвар болон хувьцааны зах зээлд хүчтэй савлагаа орсон билээ. Үүнийг төв банкны зүгээс харгалзан үзэж төв банкны Дэд ерөнхийлөгч зах зээл тогтворгүй, савлагаа өндөр байвал төв банкны зүгээс бодлогын хүүг өсгөхгүй гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч бидний хувьд тус улсын төв банкийг 2024 онд дахин 1 удаа бодлогын хүүгээ өсгөх болов уу гэх таамаглалтай байна.
Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.68 хувиас 7.01 хувийн хооронд байна.
Монголын ипотекийн корпорацийн (Moody's B3, S&P B-, Composite B- ) бондын өгөөж 11.49 хувь, MMC буюу Mongolian Mining Corporation-ийн ам.долларын бонд нь 8.48 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна. Мөн Голомт Банк ХК-ийн бонд 10.89 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна
Мөн харилцагч та АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой. |
|
Дэлгэрэнгүй |
|
|
|
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ |
|
"ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР" ТӨХК-ИЙГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА 2024.08.16
Компанийн тухай хуулийн 83-р зүйлийн 83.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.9, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.9.3, Үнэт цаасны бүртгэлийн журмын 23-р зүйлийн 23.1, 23.8, 23.11.6 дахь заалт болон "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01/1491 тоот албан хүсэлтийг тус тус үндэслэн "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийг Монголын хөрөнгийн биржийн бүртгэлээс хаслаа.
Дэлгэрэнгүй |
|
"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2024.08.16
Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 230, 07 дугаар сарын 16-ны өдрийн 782, 08 дугаар сарын 12-ны өдрийн 300 тоот тушаалууд болон "Монголын хөрөнгийн бирж"-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/342 тоот тушаалын дагуу Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн" ХК-ийн 346,748,9176 ширхэг энгийн хувьцааг тус компанийн Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн 1,683,330 ширхэг хувьцаагаар нэмэгдүүлж, компанийн нийт хувьцааны тоог 348,431,506 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.
Дэлгэрэнгүй |
|
|
|